Жаксон: 10 жилийн найзууд “Мэдэж байсан юм аа, чамаар өөрөөр чинь хэлүүлэх гээд… чи хэдийгээр тийм байсан ч чи бол бидний найз хэвээрээ, бид чамайг хэзээд ойлгож дэмжинэ.” гэж хэлэхэд хүнд ачаа аваад хаясан юм шиг, уйлмаар санагдсан

А:    Сайн байна уу, өөрийгөө танилцуулна уу?

Ж: Би Улаанбаатар хотод төрсөн. Унаган хотынх. Дунд сургуулийн хувьд Нийслэлийн 46-р сургуульд 6-р анги хүртлээ сурсан. 7-р ангиасаа төмөр замын 51-р сургуулийг, 98 онд 10 жилээ дүүргэсэн. Тухайн жилдээ Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд сургуулийг Зочид буудал, зоогийн газрын менежмэнтээр суралцаж 2002 онд төгссөн. Яг тэр төгсөх жил сургуулиас боломж олгосон буюу хэрэв нэг жил суралцах юм бол дахиад өөр мэргэжилээр төгсөх боломжтой гээд 2003 онд Аялал жуулчлалын менежмэнтээр төгссөн. Тухайн үед бол ерөөсөө дээд сургууль төгссөн хүн болгон л худалдаачин хийдэг байсан шүү дэ. Миний дэлгүүр сүлжээнд худалдагчаар яг төгссөн жилээсээ ажиллаж эхэлсэн. 2003 онд гэсэн үг. Ер нь тэр үеэс бэлгийн чиг баримжааны талаархи асуудлууд, хүндрэлүүд гарч ирсэн.

А: Тэр үеэс өөрийгөө өөр гэдгийг мэдэрсэн тийм уу? Ямар нэг тодорхой үйл явдал байсан уу?

Ж: Дунд сургуульд байхдаа мэдэрч эхэлсэн. Гэхдээ тэрийгээ өөрөө ойлгоогүй. Яахав ангийнхаа хөвгүүдийг харах… Хөөрхөн царайлаг хөвгүүд их гоё харагддаг, тэдэнтэй илүү ойртож, найзалж, нөхөрлөхийг хүсдэг. Гэхдээ тэрийгээ ерөөсөө илэрхийлж чаддаггүй, дандаа дотогшоогоо, ер нь бол нилээн ичимхий хүүхэд байсан. Жишээлбэл биеийн тамирийн хичээл ороход охид хөвгүүдээрээ хувцсаа сольдог, тэгэхэд би хамгийн сүүлд үлдэж байгаад хувцсаа сольж ордог байсан. Хүмүүс гарсны дараа солихгүй бол ичдэг, өөрөөсөө ичдэг байсан. Тэгээд бараг 4-р ангид байхдаа анх ангийнхаа нэг хүүхдэд сайн болсон гэх юм уу [инээв]. Тэрэнтэй нэг үнсэлцэж үзсэн. Эвгүй байсан л даа.

А: Тэгвэл тэр мэдрэмжээ илэрхийлсэн анхны тохиолдол байжээ?

Ж: Эхлээд аягүй ангийн хүүхэд гэдэг утгаараа ер нь гэрлүү нь их орж гардаг байсан… яагаад ч юм зүгээр нэг удаа үнссэн. Тэгэхэд надад үнэхээр гоё байсан. Бүр үнсээд л баймаар [инээв]… Бараг тав дугаар ангиа төгстлөө, түүнтэй их үнсэлцдэг байсан шүү. Тэр үеэс өөрийгөө хорьж, дарах… нэг тийм мэдрэмж илүү төрж эхэлсэн. Яагаад гэхээр ангийнхан жаахан эмэгтэйлэг, охин шиг гээд дээрэлхэх хандлага нилээн гарч эхэлсэн. Тэр үеэс нуугдмал болж эхэлсэн.

А: Тэр мэдрэмжээ дагавал яана гэж бодсон бэ? Зүгээр үнсэлцээд л яваад байх юм уу? Аль эсвэл харилцаа үүсгээд явж болох юм байна гэж бодсон уу? Тэр үед өөрийгөө ямар нэг байдлаар тодорхойлж байсан уу? Эсвэл зүгээр тоглоом байдлаар хүлээж авч байсан уу?

Ж: Үгүй, би тэрийг тоглоом байдлаар ерөөсөө бодоогүй. Бараг нэгдүгээр ангид орох үеэсээ өөрийгөө эмэгтэй хүүхэд байсан бол гэдэг тэр талаас их мэдэрч байсан. Ер нь гэртээ ганцаараа байхдаа манайд угаасаа ээжээс өөр эмэгтэй хүн байхгүй болохлоор орных нь даавууг юбка болгодог ч юм уу… эмэгтэй хувцас урлаж, өмсөөд өөрийгөө хөгжөөдөг байсан. Гэхдээ яг гэрийнхэн байгаа үед бол тийм үйлдэл гаргадаггүй байсан. Нэг сонирхолтой зүйл юу вэ гэхээр… яг нэгдүгээр ангид ордог тэр жил манай аав надад барби авч өгсөн.

Тэр хүүхэлдэйг яагаад авч өгснийг нь би ерөөсөө бодоод ойлгоогүй, асуугаагүй. Гурван ширхэг барби хүүхэлдэй авчирч өгсөн, тэгээд гурван бандитай болохоор гурвууланд нь нэг нэгийг авчирсан юм гэнэ лээ. Тэгсэн манай хоёр дүү ямар тийм юм сонирхох биш. Би бол баярлаад тэр гурваар нь тоглож байгаа юм чинь [инээлдэв]. Нэг удаа ээжээсээ “Хэрвээ би эмэгтэй хүүхэд байсан бол би ямар байх байсан бэ?” гэж асуухад манай ээж “Уг нь чамайг ЭХО-д харуулахад охин байна гэж хэлж байсан, тэгээд төрөх болоход хүү гарчихаар их гайхсан л даа” гэж хэлсэн [инээв].

А: Тэр мэдрэмжийнхээ дагуу яг юу хийх боломжтой гэж бодож байсан бэ? “Ингээд эрэгтэй хүнтэй харилцаанд орж болох юм байна” гэж бодсон уу?

Ж: Яг тэр үедээ бол тэгж бодоогүй. Ер нь бол болохгүй үйлдэл юм гэж бодсон… Долоо—наймдугаар ангид байхдаа “Сэтгэл зүйн өвчний эмхэтгэл” гээд 85 оны хэвлэл уншиж байснаа би их сайн санадаг. Тэр хэвлэл надад маш их нөлөөлсөн. 85 оны Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хэвлэл юм билээ. Манайхан орчуулаад хэвлэсэн. Тэрэн дээр “Ижил хүйсийн харьцаанд орох нь эдгэшгүй өвчин юм. Ийм харьцаанд байдаг хүмүүсийг нйигмээс тусгаарлах шаардлагатай” гэж бичсэн байсан. Тэгээд би тэрийг уншаад “би ер нь тийм эдгэшгүй өвчтэй хүн юм байна” гэж бодоод анх удаа амиа хорлох оролдлого хийж үзсэн.

А: Хэдэн настай байсан бэ?

Ж: 8 дугаар анги гэхээр 16-тай байсан. Тухайн үедээ амиа хорлох оролдлого гээд нойрсуулах эм их хэмжээгээр уусан. Гэхдээ яагаад ч юм нөлөөлөөгүй. Одоо тэрэнд нь их баярладаг.

А: Өөрийгөө өвчтэй гэж бодсон учраас тийм алхам хийсэн үү?

Ж: Тийм “Энэ эдгэшгүй өвчин” гээд тэр номон дээр бичсэн байсныг би олж уншсан болохоор, тэгээд “би ер нь эдгэшгүй өвчтэй” гэж бодсон. Тэгээд яг тэр номон дээр “Ийм хүмүүсийг нийгмээс тусгаарлах шаардлагатай” гэж бичсэн байсан болохоор хэрвээ хэн нэгэн мэдэх юм бол би асуудалд орох учраас үхсэн нь дээр юм байна гэж бодсон.

А: Тэр үед гэрийнхэн чинь мэдсэн үү?

Ж: Мэдээгүй, би бас хэлээгүй.

А: Тэгээд энэ тухай хэзээ анх хэн нэгэнтэй ярилцсан бэ?

Ж: Амиа хорлох оролдлого хийсний дараа нэг ийм явдал болсон юм. Юу гэхээр наймдугаар ангиа төгсдөг жил зуны амралтаараа өвөөгийнд очсон. Манай өвөө Гурвалжингийн гүүрнээс урагшаа нэг байгууллагын объектийн манаач хийдэг байсан. Өвөөгийнд байхад тэднийд нярав хийдэг нэг залуу байдаг байсан юм. Тэр залуу жаахан оролдож эхэлсэн л дээ… Надад тэр нь таалагдсан. Тэгээд нэг өдөр “Өвөөдөө юм хүргээд өгөөч” гэж намайг өрөөндөө дуудсан. Тэгээд “өвөөдөө нэг боодол фижү пиво оруулж өгчихөөд өөрөө буцаад ороод ирээрэй” гэхээр нь би нөгөөдхийг нь аваачиж өгчихөөд буцаад ирсэн чинь, хаалгаа түгжиж байгаад:

“Миний дүү ёстой гоё нүдтэй, хөөрхөн дүү, ах нь нэг үнсчихье” гээд. Надад дотроос гоё мэдрэмж төрсөн боловч би “Үгүй ээ, үгүй, болохгүй” гэсэн чинь тэр намайг хүчээр үнссэн. Тэгээд дургүйцэж байгаад үнсүүлсэн [инээв]. Тэр өдрөөс эхлээд тэр хүнийг хармаар санагддаг, тэр хүнтэй уулзмаар санагддаг, тэр хүнд үнсүүлмээр санагддаг болж эхэлсэн. Дараа нь тэр ах намайг бэлгийн харьцаанд орьё гэж санал тавьсан. Би яг яаж орохоо мэдэхгүй учраас, надад жаахан эвгүй санагдсан боловч би зөвшөөрсөн. Гэхдээ ямар нэгэн байдлаар тийм харьцаанд ороогүй. Тэгээд тэр хүнтэй 10-р ангиа төгстлөө уулздаг байсан. Тэр бараг л анхны хайр юм уу даа, одоо болтол их дурсдаг болохоор… тэндээс л эхэлсэн байх. Яг 10 төгсдөг жил маань тэр хүн гадаад руу суралцахаар яваад сураггүй болсон. Тэр үеэс эхлээд өөр харьцах хүн байхгүй болохоор ганцаардаж эхэлсэн. Тэгээд “Яаж хүмүүстэй холбогдох вэ? Би ер нь энэ хорвоо дээр ганцаараа байдаг юм байх даа” гэсэн бодол төрж эхэлсэн.

Хааяа нэг Сэрүүлэг сонин эсвэл өөр шар хэвлэлүүдээр Гамбууш, Нараа гэх мэт хүмүүсийн ярилцлага бас ганц нэг хүмүүсийн түүх гардаг байсан. Түүнийг уншаад ийм хүмүүс байдаг, Монголд байдаг, бас Их Дэлгүүрийн урд уулздаг гэдгийг мэдэж авсан. Тэгээд нэг өдөр хичээлээ тараад зориуд, шөнөжингөө алхсан, ерөөсөө хүн олоогүй… Би үнэхээр хэн нэгэнтэй уулзахыг хүсч байсан. Тэгээд… “За сонин дээр худлаа зүйл бичсэн юм байна даа” гэдэг ойлголт авсан.

Тэгээд дараа нь… манайд интернет орж ирж байсан үе санагдаад байдаг юм. Би  интернетээс тийм мэдээлэл олж авдаг гэдгийг ерөөсөө мэдээгүй. Интернэт кафе-д ороод голдуу секс гэж хайлт хийгээд, тэндээс гадаадын нөгөө нүцгэн залуучуудын зургуудыг үздэг байсан. Аль болхоор хүн харахгүй буланд суугаад тэгж өөрийгөө баясгадаг байсан. Тэгээд гей гэдэг үгийг чинь ингэж бичдэг юм байна гэж мэдээд “Mongolian gay” гээд хайлт хийж үзсэн. Тэгсэн чинь яг тухайн үед “Занаду Арт” гээд сайт байсан. Тэр сайт болохоор гадаадаас Монгол руу “анги” (ЛГБТ) хүмүүс зуулчилдаг сайт юм байна лээ. Тэр сайт гарч ирсэн, тэгээд орсон чинь форум гээд хэсэгт нь хүмүүс хүмүүстэй танилцах зараа бичдэгийг нь би гүйлгэж уншаад Монголд парти болдгийг, [монголын] анхны байгууллага байдгийг мэдсэн. “Тавилан” гэдэг байгууллага тэгээд өөр нэг лесбиян байгууллага байдгийг мэдэж авсан. Тэгээд би бүх хэлэлцүүлдэгүүдийг нь гүйлгэж уншаад, тухайн үед зургаан сарын 25-нд Офицеруудын ордноос уруудаад Женерал гээд бааранд парти болно гэдэг зар олж харсан. Тэгээд тийшээ гүйж очсон! Очихынхоо урьд өдөр би байрлалыг нь төөрж будилаж явсаар арайхийж олсон. Үнэндээ бол Офицеруудын ордноос дээшээ өгсөөд байсан юм билээ, урууддаг зам дагуу. Тэрийг нь мэдэхгүй би бараг бүтэн өглөө уйгагүй хайсан [инээлдэв].

А: Тэр бар бараг авралын гарц шиг санагдсан уу?

Ж: Тийм, би өөрийнхөө орчныг олох гээд байна шүү дээ. Тэр форум дээр хүнтэй танилцъя гэж юм бичээд, Yahoo мэйлээр хүмүүстэй танилцаж эхэлсэн. Дандаа өөрөөсөө жаахан ах хүмүүстэй.

L’image contient peut-être : 1 personne

А: Партин дээр очиход ямар байсан бэ?

Ж: Парти есөн цагаас гэсэн учраас яг есөн цагт очсон, тэгтэл тэнд ямар ч хүн байгаагүй. Тэгээд би гайхаад… “Асуух уу? Яах уу?” гэж бодож бодож эргэлзсэн. Хамгийн гол нь юу гэж асуухаа мэдэхгүй. Тэгээд би сүүлдээ “Энд нэг парти болно гэж зар байсан. Болох юм болов уу? Яах бол?” Гэсэн чинь зөөгч нь “Болно оо… Хүмүүс нь арай ирээгүй байнаа. Ерөнхийдөө арваас арван нэгэн цагийн хооронд хүмүүс нь цугларч эхэлдэг юм” гэсэн. Одоо ч гэсэн яг тийм шүү дээ. Тэр үед ч тийм л байсан юм байна лээ. “Би партинд орох гэж ирсэн юмаа” гэсэн чинь “Аан, тэгвэл такс-аа аваад орчих оо, ороод сууж байхад чинь хүмүүс аяндаа цугларчихна” гээд. Тэгээд яваад орсон чинь дотор нь нэг буланд гурван хүн сууж байгаа юм. Тухайн үеийн “Тавилан” одоо “Залуусын эрүүл мэнд” болчихсон шүү дээ, тэдний ажилтнууд сууж байсан юм билээ. Тэгээд тэд нар надаар долоо найман хуудас судалгаа бөглүүлээд, ёстой ичтэл баахан юм асуусан даа [инээв]. Тэгээд суугаад байлаа, суугаад байлаа, арван цаг нь боллоо… хүн орж ирдэггүй ээ! Гайхаад “Энэ угаасаа л хүн байдаггүй л юм байна даа” гэж бодож байсан чинь бүгдийг нь автобусаар аваад ирэв үү  гэлтэй… бөөн хүмүүс орж ирээд тэр бааранд ерөөсөө суудалгүй болсон. Амьдралдаа анх удаа тийм их хүмүүс харчихаад би бүр гайхсан. Тэр хамгийн гол нь гадаад, Монгол, хөгшин, залуу бүр 17-той хүүхэд хүртэл явж байсан болохоор би бүр гайхаад “Ийм их хүмүүс байдаг юм байх даа…” гэж бодоод бүр баярлах ч шиг, айх ч шиг болсон. Тэгээд нэг дөрвөн суудалтай дугуй ширээн дээр сууж байсан, гурван залуу ирээд “Цуг суучихъя” гэв. Би ичээд “Тэг, тэг” гээд доошоо хараад суугаад байсан. Тэгээд бараг арван нэгэн цагийн үед хүмүүс орж ирсэн. Би чинь өөрөө гадуур яваад байж болохгүй насны хүүхэд болохоор… арван хоёр цаг болонгуут л явсан.

А: Хэдэн настай байсан бэ?

Ж: Хорин хоёртой байсан. Тэгээд нөгөө гурван залуу ирж суугаад, их юм асуусан. Би ерөөсөө хариулж чадахгүй байсан. Анх очиход үнэхээр эвгүй байсан. Нөгөө гурав чинь намайг жоохон пиво, архиар шахсан. Би пивоноос нь л уусан, архи ууж чадахгүй байсан. Жаахан халаад ирсэн чинь, зориг орсон л доо. Тэгээд нөгөө залуучуудтайгаа жаахан юм яриад эхэлсэн чинь, хүмүүс анх удаа ирж байгаа хүнийг хоргоодог шиг хойноос нуруу цохиод “Нааш ир, нааш ир, хүрээд ир” гээд дуудаад байсан [инээв]. Урд сууж байгаа хүмүүс нь хэл амаа гаргаад нүдээ ирмээд, аймар хэцүү ичмээр байсан. Манай нөгөө гурав надаас гурав, дөрөв ах хүмүүс байсан. Тэгээд надад ерөнхийдөө ийм байдаг, тийм байдаг гээд зах зухаас нь ярьж өгсөн. Тэгээд хойноос дуудаад байсан ах чинь сүүлдээ бүр учиргүй, улаан цайм мөрнөөс татаад байсан чинь нөгөө гурав намайг “Чи, уулзчих аа” гэхээр нь би “За” гээд өөрийн эрхгүй очоод суусан. Тэр хүн өөрөө надад гучтай гэж хэлсэн. Тэгээд намайг их айлгасан: “Архи уу!” гэж бүр ам руу цутгасан, дээрээс нь “Буудал руу авч орно” гэж чирсэн. Би тоглоод байгаа юм байх гэж бодсон чинь харин бүр “Авч явна” гэж дайраад гарнаас тавихгүй чирэхээр нь би цүнхээ хаяад, зугтаагаад “Би явахгүй ээ, би харихгүй бол болохгүй. Ээж намайг хайна” гээд  гарсан. Гарчихаад цүнхээ орхичихсон болохоор, нэгдүгээрт цүнхэндээ хоргодоод, хоёрдугаарт тухайн орчин нь надад их таалагдсан болохлоор явмааргүй санагдаад, хэсэг бодож байгаад буцаж орсон. Буцаж орж ирээд үүдний хавьцаа сууж байтал нөгөө хүн миний цүнхийг “Тоглосон юм аа” гээд авчирч өгсөн. Тэгэхээр нь тайвшраад, бүжгийн талбай дээр гарсан чинь нэг залуу ирснээ “Чи бид хоёрын бугуйвч адилхан шар өнгөтэй юмаа, заяаны хосууд л ийм байдаг байх” гэж өдөөд…

А: Олны анхаарлыг их татжээ?

Ж: Ер нь их хөгжилтэй… Би эхлээд их юм бодоо ч үгүй. Жаахан бүжиглэж байгаад 00-д орсон чинь нэг хөгшин, согтуу ах хүчирхийлэх гэж оролдсон. Шууд хувцас тайлаад хаячиж байгаа юм чинь. Би ч арагшаа хараад суучихсан. Шууд хойноос орж ирээд өмд урж татаад, би ч тэнд чинь “Туслаарай!” гэж орилоод. Нөгөө хүмүүс нь юун туслах, шоолж инээгээд, ёстой эвгүй юм байна лээ. Тэгээд арайхийж мултраал, ер нь явсан нь дээр юм байна гээд явсан. Анхны парти нэг тийм паянтай дууссан шүү [инээв].

Гэхдээ надад үнэхээр таалагдсан, дараагийнх дээр заавал очно гэж бодож гарсан.

А: Тэрнээс өмнө өөрийгөө ганцаараа л тийм юм байна гэж бодоод байсан уу?

Ж: Тийм. Манай арван жилийн найзууд, oдоо ч найзууд хэвээрээ байгаа хүмүүс гадарладаг байсан юм байна лээ. Би өөрөө нуух гэж оролддог, гэхдээ миний байгаа нь мэдэгддэг  байсан байх л даа. Тэд нар надаар яг өөрөөр нь хэлүүлэх гээд, ацан шалаанд оруулах гээд, янз бүрээр үздэг байсан. “Охидуудтай найзлуулна” гэнэ, заримдаа хааяа асууна би тэгэхээр нь “Үгүй” гэж гүрийдэг байсан. 2002 онд би 22 настай байхдаа, анх арван жилийнхэндээ хэлсэн. Уулзчихаад сууж байхдаа эхлээд дөрвүүлээ сууж байсан. Тэгээд ийм яриа өрнөсөн:

Найзууд: Одоо дөрвүүлэхнээ жаахан уйтгартай юм, охидууд дуудья.

Би: Яах юм бэ. Ингээд дөрвүүлээ гоё л байна шүү дээ…

Найзууд: Өнөөдөр чамайг эр хүн болгоно оо.

Би: Би хүсэхгүй байна аа…

Найзууд: Чи ер нь яагаад ингээд байдаг юм бэ? Чамайг өнөөдөр заавал эр хүн болгоно  гээд ангийн охидууд руу залгахад нь би бүр тэсэхээ байгаад хэлчихсэн. Гэнэт уур хүрээд,  уйлаад шууд хэлсэн: Та нар яах гэж дандаа намайг ингэж зовоож байдаг юм бэ?! Үнэндээ бол би эрэгтэй хүн сонирхдог, тийм болохоор охидтой суухаар биеэ барьдаг. Яагаад гэвэл охид намайг шохоорхож үнсэлцэх гэж дайрдаг нь надад үнэхээр таалагддаггүй гэсэн чинь нөгөөдүүл чинь пир хийтэл инээлдээд: Мэдэж байсан юм аа, чамаар өөрөөр чинь заавал хэлүүлэх гээд, чи хэдийгээр тийм байсан ч чи бол бидний найз хэвээрээ, бид чамайг хэзээд ойлгож дэмжинэ гэсэн.

Ёоё яг уйлах нь… Их гоё байсан…

Тэгээд би баярлаад, бүгдээрээ хөгжилдөөд дууссан. Маргааш нь гэртээ байж байтал манай арван жилийнхэн бараг хориод хүн ирсэн. Нөгөө гурав чинь яасан байх нь уу, нөгөөдүүлдээ очоод хэлчихсэн, тэгээд нөгөөдүүл нь надад “Чи хэзээд бидний найз шүү!” гэж хэлэхээр бас далимд нь уух гэж ирж байгаа юм [инээв]. Тэгээд бөөнөөрөө гурав, дөрвөн машинаар хүрээд ирэхээр нь би бүр үнэхээр гайхсан, “Ямар сонин юм бэ?!” гэж бодоод….

Тэгээд тэд нар хуучин түүхүүдээ дурсаж ярьсан. “Чамайг яг тийм гэж бид хоорондоо ярьдаг байсан. Тэгээд чиний гаргадаг байсан үйлдлүүд чинь мэдэгдүүлдэг байсан” гэсэн. Би тэр өдөр анх удаагаа хүнд ачаа аваад хаячихсан юм шиг, бүр гоё санагдсан. Тэгээд шууд зориг ороод, ер нь гэрийнхэнхдээ хэлчихсэн ч яадаг юм ухааны юм бодсон, гэхдээ хэлээгүй л дээ. Бараг 2006 онд байна уу, 2005 онд байна уу, гэрийнхэндээ хэлсэн. Гэрийнхэн ч гэж дээ. Манай дүү л намайг ацан шалаанд оруулж байгаад ам алдуулчихсан.

Хүмүүстэй харилцаа тогтоогоод эхэлсэн болохоор над руу ирдэг байсан дуудлагууд дандаа эрэгтэй хүмүүсээс ирдэг, эрэгтэй хүмүүс ярьдаг, гэрт ч гэсэн дандаа эрэгтэй хүмүүс ирж асуудаг болохоор манай дүү нэг сэжиг авсан юм шиг байгаа юм. Надаас: “Зориг оо, яагаад чамтай дандаа эрэгтэй хүмүүс утсаар ярьдаг юм бэ? Яагаад чи одоо болтол ерөөсөө найз охинтой болдоггүй юм бэ?”… гэж асуусан. Тэгээд би бодож байгаад ер нь хэлсэн нь дээр, хэлчихье гэж бодоод “Яг үнэндээ би эрэгтэй хүн сонирхдог, тийм болохоор надад найз охин байхгүй. Харин надад харж явдаг эрэгтэй хүмүүс байгаа, намайг асууж ирдэг хүмүүстэй би уулздаг, тэд нар бас тийм хүмүүс байдаг юм. Гэхдээ энэ бол яг төрөхөөс л ийм байсан болохоор ямар нэг байдлаар өөрчлөх боломжгүй юм байна лээ. Би энэ талаар нилээн судалдсан” гэж хэлсэн.

А: Эмэгтэй дүү юу, Эрэгтэй дүү юу?

Ж: Эрэгтэй, манай хамгийн бага дүү. Тэгээд нөгөөх чинь: “Тийм байх аа–Би чамайг гайхдаг байсан, тэгээд чи ээжид хэлсэн үү?” гэхээр нь би “хэлээгүй” гэсэн чинь “Тэгвэл би хэлээд өгөх үү?” гэнээ. Тэгэхээр нь “Өө үгүй, үгүй, би цаг нь болохоор өөрөө хэлнэ” гэсэн чинь “За, за, тэгвэл хэлэхгүй ээ” гэсэн. Маргааш нь ажилдаа яваад ирсэн чинь хэлчихсэн байсан. Орой ирсэн чинь ээж бөөн уйлаад майлаан, “Яасан? Юу болсон?” гэсэн чинь “Миний хүү надаас л болж ийм болж төрсөн байх” гээд уйлсан. Ээж нар дандаа бурууг өөр лүүгээ чихдэг шүү дээ. Тэгэхээр нь “Үгүй ээ, тийм биш ээ, энэ чинь угаасаа төрөлхийн ийм юм байдаг” гэсэн чинь “Яг тэгсэн байна, би Өжгөө эгчтэй чинь жирэмсэн байхдаа золгочихсон, та 2 яг солигдчихож” [инээлдэв]… Манай эгчийн охин нь аймар эршүүд. “Даанч ЭХО-д эмэгтэй л гэж харагдаад байсан,” гээд элэг автал яриад. Тэгээд би ээжид нилээн тайлбарлаж өгөөд ээж “За, за, угаасаа тийм төрчихсөн юм бол ээж нь хэзээд ойлгоно, угаасаа л тийм юм чинь” гэсэн. Ер нь манай гэрийнхэн тэр чигээрээ тоохоо байчихсан хүмүүс. Одоо манай ээж “Хэзээ тэр хүргэн ч юм уу, бэр ч юм уу, тэр залуугаа авчирч танилцуулах юм бэ?” гэж надаас нэхдэг шүү.

А: Одоо тэгвэл нийгмийн хүрээллийн чинь хэдэн хувь нь ЛГБТ хүмүүсээс бүрдэж байна?

Ж: Хэрвээ яг таньдаг, харьцдаг хүмүүсээ хувилах юм бол тавь тавин хувь байгаа байх аа. Яагаад гэхээр би өөрийгөө нуудаггүй, бас зарлаад байдаггүй л дээ. Тэгээд ямар нэгэн байдлаар найз нөхөдтэй болвол тэдэнд зүгээр хэлчихдэг, амар! Хэрвээ таалагдахгүй байвал заавал найзлах гээд яадаг юм?! Тийм болохоор миний хүрээлэлд жирийн найзууд олон байгаа. ЛГБТ хүрээлэлд угаасаа бараг бүгдийг нь таних юмуу даа…

А: Стрэйт найзуудын чинь хэдэн хувь нь чамайг гэй гэдгийг, мэдэх вэ?

Ж: Ер нь тэр чигээрээ мэддэг. Манай арван жилийнхэн, дээд сургуулийнхан, хуучин ажлын газрынхан, фэйсбүүк групп-үүд. Жишээлбэл манай мэлхийн ордныхон гэхэд бүгд мэднэ. Би өөрөө дунд нь ороод зарлаад гүйхгүй л дээ. Гэхдээ бараг дийлэнх нь мэддэг. Тэр хүмүүс чинь өөрсдөө надаас янз бүрийн юм асууна, өөрсдөд нь тийм найзууд байдаг, тэгээд яаж харьцах вэ гэж асуудаг. Ер нь бол дийлэнх нь мэднэ шүү.

L’image contient peut-être : 1 personne

А: Одоо хүмүүс илүү нээлттэй болж байна гэж бодож байна уу?

Ж: Би ингэж боддог. Тийм айхтар ялгаварлан гадуурхалт байдаггүй байх. Аа зүгээр ялгаварлан гадуурхах үйлдлүүдийг бид өөрсдөө хийдэг байх гэж боддог. Бид нийгэм рүүгээ яаж харьцана, нийгэм бидэн рүү яг тэгж харьцах байх. Хааяа энд тэнд хүмүүс зодуулсан барьсан гээд сонсогддог. Дараа нь сонсоход тэр хүмүүс нь өөрсдөө зүгээр байгаа хүмүүсийг оролдож байгаад зодуулчихсан байгаа байхгүй юу. Түүнээс биш зүгээр байхад барьж аваад зодож байсан тохиолдол би ерөөсөө сонсож байгаагүй.

А: ЛГБТ нийгмийн бүлгүүд чиний эрхийн төлөө юу хийж чадна гэж бодож байна? Чи өөрөө эргүүлээд юу хийж чадна гэж бодож байна?

Ж: Би Монголд хүлээн зөвшөөрөгдөх боломж байгаа байх гэж боддог. Ажиглаад байхад өөрийгөө зөвөөр илэрхийлвэл хүмүүс аягүй сайхан хүлээгээд авчихдаг тул хэрвээ бид зөв мессежээ өгөөд байвал богино хугацаанд хүлээн зөвшөөрөгдчих байх гэж боддог. Тэгэхээр аль болох залуучууд, өсвөр үе рүүгээ чиглэсэн үйл ажиллагаануудыг түлхүү хийх хэрэгтэй. Би аль болохоор нийгэм рүү буруу мессеж өгчихгүй байх талаар хүмүүстэй ярьдаг л даа. Гэхдээ энэ бол хувь хүний бодол болохоос ямар нэг батлагдсан онол биш. Ер нь аль болохоор эерэг мэдээллүүдийг л түгээхийг хүсдэг. Тэрний дагуу ч хүмүүстэй ярилцдаг.

Би стрэйт хүмүүстэй уулзахдаа зүгээр өөрийнхөө байгаагаараа л байдаг. Байгаа байдал минь жаахан эмэгтэйлэг байх. Тиймээс зарим хүмүүс надаас асуудаг л даа: “Чи цөөнх үү?” гээд. Би тэгэхээр нь “Тийн, яасан?” гэнгүүт “Аан, зүгээр. Ажиглаад байхад тэгж харагдсан юм аа” гэдэг.

А: ЛГБТ хүмүүст тулгарч байгаа хамгийн том сорил, бэрхшээлийг та юу гэж боддог вэ?

Ж: Нийгмийн зүгээс үү? Жишээлбэл надад зодоон нүдээн хийдэг, хүмүүсийг дээрэлхэдэг хэсэг бүлэг найзууд байдаг. Тэд олон нийттэй надаар дамжуулж бага багаар харьцсаар байгаад аягүй сайн дотно найзууд болсон. Тэд зүгээр байхад нь “Чи муу тийм, ийм!” гэж хүн рүү дайрч байсан удаа ерөөсөө байхгүй. Би хааяа оролдож тоглоно, бид нар угаасаа найзууд юм чинь гээд. Тиймэрхүү үед “Хэрвээ намайг оролдоод байх юм бол цохиод хаячихна шүү!” гэдэг болохоос биш. Зүгээр байхад зүгээр л байдаг шүү дээ. Тэгэхээр би тийм аюул байдаггүй байх гэж бодоод байна. Байгаа л байх л даа, хүн болгон л өөр өөр зан характертай юм чинь.

А: Олон нийтийн сүлжээ ЛГБТ хүмүүсийн харилцаа холбоог өөрчилж байгаа байх? Илүү их нэгтгэж өгч байна уу?

Ж: Жишээлбэл гэр бүлийн уулзалт зохион байгуулдаг. “Ийм уулзалт болсон, энэ уулзалтаар хичнээн хүмүүс ирсэн, тэрэн дээр ийм хүн өөрийгөө илэрхийлээд хүлээн зөвшөөрөгдсөн” гэнгүүт дараагийн уулзалтаар нь хэн нэгэн “Би бас ингээд гэрийнхнийгээ авчраад ил гарчихмаар байна, гэрийнхэндээ хүлээн зөвшөөрөгдчихмөөр байна” гээд уулзалтанд ирдэг. Бид жижигхэн мессеж өгөхөд л хүмүүс өөрт нь боломж байгаа гэдгийг олж хараад байгаа болохоор бид энэ мэдээллүүдийг нөлөөлдөг гэж боддог. Хамгийн гол нь зөв мэдээллийг л өгөх хэрэгтэй.

А: Өнөөдрийн түвшинд өөрийгөө юу гэж дүгнэж байна вэ? Өөрийнхөө байр сууриа олчихсон, бэлгийн чиг баримжаандаа итгэлтэй хүн болсон, тийм үү? Өөрийгөө арван жилийн дараа ямар байдалтай байна гэж төсөөлж байна?

Ж: Арван жилийн дараа гэхээр чинь 45 хүрчихнэ [инээв]. Бараг л хөгширлөө шүү дээ. Арван жил ч гэлтгүй ойрын жилүүдэд хамтран амьдрагчтай болоод амьдарч байна гэж бодож байна. Гэхдээ арван жилийн дараа ЛГБТ хүрээлэл ямар байх бол гэж төсөөлж байна л даа. Тодорхой хэмжээгээр нийгэм тэр аяараа хүлээн зөвшөөрөөгүй ч гэсэн, хуулиараа зөвшөөрөөгүй ч гэсэн нийгэм нь ойлгодог болчихсон, хүмүүс нуугдмал байхаа болиод тодорхой газруудад, тодорхой орчинд өөрийгөө илэрхийлдэг болсон байх байх аа. Ер нь нээлттэй болчихсон байна гэж бодож байна. Надад л лав их гэрэлтэй харагддаг. Одоо үеийн хэсэг ЛГБТ залуус ирээдүй гэхээсээ илүү, гадагшаа гаръя гэсэн бодол илүү их төрдөг юм шиг байна лээ. Би тэдгээр залууст “Та нар гадагшаа гарах шаардлага байхгүй болно оо. Харж л байгаарай. Хамгийн наад тал нь 5 жилийн дараа гэхэд л үнэхээр сайхан болчихсон байна. Тийм болхоор битгий шантар, зүгээр л суралц, боловсорч бай, тэр хооронд чинь нийгмийг чинь сайхан болгоод өгнө, тэрний төлөө хүмүүс ажиллаж байгаа” гэж зөвлөдөг.

Манай ЛГБТ Төв бол үүнд үнэхээр сайн хувь нэмрээ оруулж байгаа. Анхны Төрийн Бус Байгууллага байгуулагдаад одоо 11 жил болчихлоо. Хэдэн жилийн өмнө зөвхөн тодорхой хүрээнд л ХДХВ/ДОХ гэж ярьдаг байсан бол одоо нийгэм тийм биш болчихсон, ЛГБТ хүмүүс гэж ярьдаг болж, янз бүрийн хэвлэл мэдээллээр, фэйсбүүк, интернэт орчинд хэдийгээр үзэн ядаж байгаа комментууд байгаа боловч эерэгээр хүлээж авдаг, дэмждэг хүмүүсийн тоо асар ихээр нэмэгдчихсэн. Тодорхой тооны Төрийн Бус Байгууллагууд л энэ хүмүүсийн талаар ярьдаг байсан бол одоо больсон. Бүхэл бүтэн хүний эрхийн газар нь ярьж байна, засгийн газар дээрээ хүртэл яригдаж байна.

А: Тийм шүү.

Ж: Би хоёр мянга дөрвөн онд байхаа, миний дэлгүүр сүлжээнд ажилладаг байхдаа, ажлынхандаа өөрийгөө илэрхийлээд, манай ажлынхан аягүй гоё найрсгаар хүлээж авсан. Тэгээд би тушаал дэвшээд, сүүлд нь хөдөө орон нутгийн салбар хариуцсан менежер болсон. Энэ хугацаанд миний дэлгүүр сүлжээнд, төв оффисийн хүмүүс намайг мэддэг, захирлууд ч намайг мэддэг болчихсон. Намайг нэг ч хүн ялгаварлан гадуурхаж харьцаж байгаагүй. Тэгээд манай хөдөө орон нутгийн салбар хариуцсан захирлаар нэг хүүхэн томилогдож ирсэн юм. Тэр намайг жаахан үзэн яддаг байсан л даа. Тэгээд миний дээр албан тушаалд ирэнгүүтээ шууд дарамталж эхэлсэн. Би ажлаа хийгээд байгаа боловч миний ажлыг ерөөсөө үнэлэхгүй байсан. Дандаа надад хамааралгүй ажлыг даалгаж хийлгэнэ. Тэгээд ”Би яагаад энийг хйих ёстой юм бэ? Энэ чинь надад хамааралгүй ажил байна” гэхэд “Чи бол миний дор ажилладаг хүн болохоор би чамд даалгаж байгаа ажил, чи хийх хэрэгтэй” гэдэг. Тэгээд сүүлдээ ажиллах ямар ч урамгүй болж эхэлсэн. Тэгээд ерөөсөө ажлаас гарахаар болсон. Тэр хүн тэгсэн чинь над дээр угаасаа тушаал гаргуулчихсан байна лээ. Шалтгаан нь их энгийн. Би төв оффис дээр ажилладаг болохоор шинэчлэгдсэн кассын программ мэдэхгүй байсан. Тэр намайг менежер хүн байж тэрийг мэддэггүй гэдэг шалтгаанаар ажлаас халуулах тушаал гаргуулчихсан байсан. Гэхдээ би тэрэнд нь бас их баярласан л даа. Яагаад гэхээр тэр албан тушаалд очсоноос хойш ээлжийн амралт авч үзээгүй байсан. Тэгэхээр нь би сайхан амарч байгаад буцаж ажилладаг юм уу, ямар ч гэсэн амаръя гэж бодоод ажлаасаа гарсан. Тэр л  анх удаа надад тулгарч байсан нэг бэрхшээл, үзэн ядалт юм даа.

Би ажлаасаа гарчихаад “Заавал нэг байгууллагад ажиллах шаардлагагүй юм байна, хувиараа юм хийсэн нь дээр юм байна” гэж бодож байтал “Дэмжих төв” надад “Манайд ажиллаач” гэж санал тавьсан.

А: Тэнд ямар ажил хийдэг вэ?

Ж: Хүний Эрх Залуучуудын Эрүүл Мэндийг Дэмжих Төвд  “олон нийтэд хүрч очих ажилтан” гээд ажилдаг байсан. “Чам шиг нийгийн идэвхи сайтай хүмүүс их хэрэгтэй байна аа.” Тэгэхээр нь би “Аан, тэгээд юу ч гэсэн ажиллаад үзье” гээд ажиллаж эхэлсэн, Тэр үеэс ЛГБТ гэдэг нийгмийн хүрээллийг ойлгож эхэлсэн. “Ер нь энэ хүмүүс рүүгээ чиглэсэн юм хийгээд явбал ер нь зүгээр юм байна, хүрч туслах хэрэгтэй юм байна, бас залууст мэдээлэл өгөх нь зөв юм байна” гэж ойлгосон. Би ажиллаж эхлээд, дэвшээд гүйцэтгэх захирал болоод, одоо тэргүүнээр нь ажиллаж байгаа.

А: За. Бидэнтэй үзэл бодол хуваалцсанд баярлалаа.

About ЛГБТ Аман түүх

"Монголын ЛГБТ Аман түүхийн төсөл” нь Монголын ЛГБТ нийгмийн бүлэгт хамрагдах хүмүүсийг хооронд нь хувь хүний түүх ба туршлагаар холбох зорилготой юм. Бид төслийнхөө хүрээнд Монголын үе үеийн ЛГБТ хүмүүсийн хувийн аман түүхийн мэдээллийн санг интернетэд бий болгож улмаар - ЛГБТ хүмүүсийг хооронд нь холбох - ЛГБТ мөртлөө бүлгийн хүрээнд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүсийг холбох - Нийгэмд ЛГБТ хүмүүсийн тухай түүхийг нээлттэй болгож улмаар ЛГБТ хүмүүсийн талаар обьекьтив үзэл ойлголттой болох боломжийг өөрсдөд нь үлдээх юм.
This entry was posted in Монгол хэл and tagged , , , , . Bookmark the permalink.

Leave a comment