Солонго: “Би харанхуйгаас л айдаг. ЛГБТ хүмүүсийн сайн сайхны ирээдүйн төлөө ажиллахаас би айхгүй ээ.”

Солонго бол Улаанбаатар хотын гэр хороололд төрж өссөн, үзэн яддаг хүмүүсийн нүүрэн дээр өөрийгөө илэрхийлэхээс үл айсан, одоогоор хүний эрхийн төлөө барахгүй тэмцэж явдаг дурламтгай, зоригтой, эерэг сэтгэлгээтэй лесбиян бүсгүй юм. Бидэнтэй хуваалцсан түүхэнд хайр дурлал, шашин, нийгмээс сурсан хүйсийн ялгаварлалт болон өөрийнх нь хувь хүний дурсамжын тухай та бүхэн сонирхож уншина уу.


13902792_1200390310021854_6607786913320722505_n

 

А:    Сайн байна уу, өөрийгөө танилцуулна уу?

С:    Намайг Солонго гэдэг. 1990 оны 4 сарын 3-нд Улаанбаатар хотод Эх Нялхасын төрөхөд ихэр хүүхдийн нэг нь болж мэндэлсэн. Гэвч эрэгтэй ихэр маань ой гарантай байхдаа өвчний улмаас өнгөрсөн. Би ч гэсэн өөрөө нэгдүгээр анги хүртлээ эмнэлгээр явсан. Сарын бараг хорин хэдэн хоногийг эмнэлэгт өнгөрүүлдэг хүүхэд байлаа. 8 жил хүүхдийнхээ өвдөх болгонд нь гүйсээр байгаад сүүлдээ сургуульд орсны дараа ээж аав хоёр намайг сургуульд оруулаад л орхичихсон. Нэгдүгээр ангид ороод яахав ээж аав залхсан ч юм уу эсвэл цөхөрсөн ч юм уу, намайг биеэ даагаад яваасай гэж бодсоноос болоод орхичихсон учраас би өөрийгөө мэдээд л явдаг болсон…

А:    Өөрийгөө бусдаас өөр гэдгийг анх ямар тохиолдлоор мэдэрсэн бэ?

С:    Би маш гүн мэдэрсэн тохиолдол бол 5-р ангидаа сүмд явдаг байсан. Сүмд явж байгаад сүмийнхээ пасторын эхнэрт дурласан. Тэр эгч маань “М” гэдэг америк нөхөртэй. Монголд сүмийнх нь үйл ажиллагаа явагддаг. “Хайрын элч” гээд сүмийн пастор байгаа. Мишшионер гэж ярьдаг шүү дээ, түүний эхнэр “Б” гэж хүнд дурлаж байсан. Жоохон байхдаа тэгээд гөлрөөд л… тэр хүнийг юу ч хийж байсан хамаагүй гөлрөөд л байж байх санаатай. Ер нь сүм нь тийм чухал байсан юмуу гэж одоо заримдаа бодогддог. Бүтэнсайн өдөр ишлэл цуглаан дээр илчлэл хэлдэг байхгүй юу. Тэгэхэд тэр долоо хоногтоо бурханд залбираад л хариу авсан байх юм сан. Тэгээд би нөгөө илчлэлийн микрофон бариад үг хэлэхэд тэр пасторын эхнэр нь намайг хараасай гэж ч юм уу тиймэрхүү маш инээдтэй бодлууд их байдаг байсан. Хамгийн гүн мэдэрсэн нь тэр байна л даа. Бүр цаг мөч болгонд хамтдаа л баймаар эсвэл гөлрөөд л хараад сууж баймаар байсан. Гэхдээ хамгийн аймшигтай муухай хариуг авсан юм уу даа гэж би боддог. Яагаад гэвэл тэр хүн намайг нэг өдөр өрөөндөө дуудаад  “За Солонго оо, бид нар чамайг ингээд сэтгэцийн эмнэлэг эсвэл эмчтэй уулзуулж өгье…”

А:    Илчилснээс болж уу?

С:    Үгүй. Тэр хүн намайг өөрт нь сайн гэж мэддэг л байсан байх. Гэхдээ зүгээр бэлгийн чиг баримжаатай холбоотойгоор хайр сэтгэлийн байдлаар гэдгийг яаж мэдсэн бэ гэхээр хүүхдийн эсийн бүлэг гэж байдаг. Би хүүхдүүд эсийн бүлэгтээ ирээгүй нэг өдөр хүүхдийн эсийн бүлгийн ахлагч дээр ганцаараа оччихсон. Тэгээд байж байгаад өөрийнхөө мэдрэмжийг хуваалцчихгүй юу. Тэгсэн чинь нөгөө хүн маань очоод бүх юмыг ярьчихсан. Тэр хагассайн өдөр байсан. Тэгээд нэгдэх өдөр намайг өрөөндөө дуудаад уулзаж байхдаа би чамайг сэтгэцийн эмчтэй уулзуулна. Эмнэлэгт үзүүлнэ. Манай хамаатны дүү нар бас сүмд явдаг байсан. Тэр хүмүүс чамайг сүмд явснаар ийм гажигтай болчихлоо гэж ойлгоно шүү дээ. Тийм учраас чи эртхэн шиг эмчлүүлээд бараг дүү нартаа сөрөг нөлөө үзүүлэхээсээ өмнө, буруу ойлголт өгөхөөсөө өмнө эмчлүүл гэсэн.

А:    Чиний харж явсан хүн тийм үг хэлсэн гэж үү?

С:    Тийм. Тэр “Б” гэдэг хүн надад тэгж хэлж байсан. Би яагаад ч юм дахиад нэг удаа очиж байсан. Надтай уулзсаны дараа хоёр дахь удаагаа дахиад очсон. Гурван өрөө байдаг байсан юм тэднийд. Байр түрээслэдэг. Нэг өрөө нь бол цуглааны том заал маягаар, нэг нь ажилчдын өрөө, нэг нь удирдлагын өрөө гэж байдаг. Тэгээд гал тогоотой. Тэд нар гал тогоонд ярьж байгаа байхгүй. Ээжүүдтэй хоёр гурван эмэгтэйчүүдтэй нилээн муухайгаар хэлж байсан нь одоо надад санагдаж байна. “Гей Лесбиян чинь өвчин юм шиг байна лээ. Сэтгэцийг нь нийтээр нь эмчлүүл” гэх мэт юм ярьж байсан. Намайг ороод ирсэн байгааг мэдээд ярьсан эсэхийг мэдэхгүй. Тэгээд би тэр өдөржин сууж байгаад цуглаан дуусгаад явьж байсан. Тэгээд ахиж хэзээ ч очоогүй.  Тэр хүнтэй сая Их дэлгүүрт тааралдсан. Бараг 10-аад жилийн дараа тааралдсан. Тэгсэн чинь “Хүүе сайн уу? Солонго оо, хүнтэй суусан уу? Хэдэн хүүхэдтэй болсон уу?” гэж асуусан. Тэгэхээр нь би энэ хүний бодол ерөөсөө өөрчлөгдөөгүй, юу ч мэдээлэл байхгүй гэдгийг харсан. Тэгээд “Үгүй би хүнтэй суугаагүй. Хүүхэдтэй ч болоогүй. Та харин сүмдээ байгаа юу” гэсэн чинь “Аан Америкаас сүмийн хүмүүс ирсэн. Бид нар тоглолт үзүүлсэн чинь хөгжмийн зэмсэг сонирхсон гээд Их дэлгүүрийн 6 давхарт монгол хөгжмийн зэмсэг сонирхоод явж байсан.” Надад аймшигтай санагдсан. “Тэр сүмд одоо болтол над шиг өөр хүүхэд явж байгаа бол яах вэ?” гэж бодсон.

А:    Тэр үед чиний амьдралд тэр сүм аягүй том чухал байр суурь эзэлж байсан тийм үү?

С:    Ер нь бол тийм.

А:    Тэндээс чамайг бараг гарсан дээр гэж хэлэхэд чамд “би одоо хаана хандах вэ…” гэсэн тийм ганцаардсан мэдрэмж төрсөн үү? Хаана хандаж яана гэж бодсон бэ?

С:    Би сүмээс гараад л яасан бэ гэхээр сургуульдаа яваад л, энэ сэтгэцийн өвчин яг мөн үү гэдгийг интернетээс хайж эхэлсэн. Тэр болтол би интернет хэрэглэдэггүй байсан. Гэр хороололд одоо ч интернэт сайн биш шүү дээ. Өөрийгөө л эрчимтэй хайж эхэлсэн. Мөн үү, биш үү, мөн үү, биш үү гээд… “За өвчтэй бол эмчлүүлэх хэрэгтэй юу?”… гэхдээ энэ чинь хайр л гэж бодож байгаа шүү дээ. Угаасаа би жоохон байсан ч гэсэн энэ чинь хайр юм чинь хайрыг толгойноос ингээд эмчлээд, зүрхний догдлолыг яаж эмчилдэг юм бол гэж бодсон. Нэгдүгээрт тэр хүний хэлсэн үгэнд би тэр үед итгэж байсан. Миний өдрийн тэмдэглэл тэр цаг мөчөөс хойш юу болж хувирсан бэ гэхээр “би хэн бэ? би хэн бэ? би хэн бэ?”. Тэгээд “би хэн бэ” гэдэг дээрээ зөвхөн өөрийгөө хамгийн ихээр сонсдог байсан юм шиг  надад санагддаг. Юу мэдэрч байгаагаа л бичээд байдаг.

Тэгээд тэрний дараа дахиад дурлав аа. Би чинь их дурламтгай. А ах саяхан нэг юм бичсэн байсан: “Хүн амьдралынхаа төгсгөлд хоёр юманд харамсдаг. Нэг нь бол цөөхөн дурласандаа” гэж. Би тэрэнд харамсахгүй юм шиг байгаа юм. Дараа нь би дурласан. Гэхдээ дурласан байсан эмэгтэйгээс сөрөг юм ирэхэд би хэсэгтээ л шаналсан. Гэхдээ нэг их урт удаан байгаагүй. Тэгээд л дараагийн дурлал гараад ирсэн. Тэр нь хөтлөгч жүжигчин Өөдөө гээд эмэгтэй байдаг шүү дээ. Ундралын Өөдөө. Тэр хүн хоёр хөгжмийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Тэр хоёр нэвтрүүлгийг нь байнга үздэг. Тэгээд тэмдэглэл хөтөлж сэтгэгдлээ бичдэг. Долоо хоног болгон захиа явуулдаг. Баяр болгоноор мсж бичдэг. Хааяа залгаж ярьдаг байсан. Сүүлдээ би бүр аймаар том фэн нь болоод хөгжмийн нэвтрүүлэгт нь нэг булантай болж байсан. Нэг сар гаруй байнга хамтдаа байдаг байсан. Мэдэхгүй гэхдээ тэр хүн ч бас сөрөг юм хэлж болох л байсан байх л даа. Гэхдээ тэр талаар сөрөг юм хэлж байгаагүй.

А:    Гэхдээ мэдсэн тийм ээ?

С:    Мэдсэн. Яалт ч үгүй шүү дээ. Өөрөөс нь бараг 10 дүү. Тэр хүн 78 оных. Би 90 оных. Тийм үе мултарцан хүн бараг баяр болгоноор мессеж явуулаад л, нэвтрүүлэг дээр хүртэл ярьж байгаад санаа алддаг. Тэрэн дээр нь хүртэл анхаарал тавьдаг байсан. Сэтгэл нь тиймэрхүү байгаа юмуу даа гээд л… Дүгнэлтээ шууд явуулдаг. Байнга бичдэг. Бүр дурлачихсан байсан.

 

А:    Та хэзээ анх өөртэйгээ адил төрлийн хүнтэй уулзсан бэ?

С:    СЕКС.МН гээд байдаг даа. Тэр сайт дээр маш олон хүмүүс бэлгийн чиг баримжаатай холбоотой өөрсдийнхөө асуудлуудыг, богино түүхүүдийг бичдэг. Гэхдээ зарим нь зохиомол, зарим нь бодит түүх байдаг гэж би боддог. Тэндээс нэг охины түүхийг уншиж байсан юм. Тэгээд дор нь тэгсэн чинь yahoo хаягаа үлдээчихсэн байсан. Би өөрөө yahoo Мессенжер идэвхтэй ашигладаг байсан. 2011 оны таван сарын хавьцаа тэр охинтой танилцаж байсан. Тэгээд чатаар харилцаад 7 хоногийн дараа уулзаж байсан. Нэг удаа уулзаад л тэр охин замын үүд рүү гэр лүүгээ явчихсан. Надтай адил тэр бүсгүй нэгдүгээрт надад маш их таалагдсан. Тэгээд маш удаан хугацаагаар харилцаагүй ч гэлээ богино хугацаанд их хурдан татагдчихсан юм. Тэгээд сарын дараа гэрт нь очиж байсан. Гэрт нь 10 хоноод буцаад Улаанбаатарт ирж байсан. Би дурлачихаараа солиотой гэх юм уу зоригтой үйлдлийг хурдан хурдан хийж чаддаг.

А:    Ганцаардсан мэдрэмж байгаагүй юм байна тийм үү? Өөрөө хайгаад л ганцаардах завгүй л байсан юм байна тийм үү?

С:    Ганцаардах мөч байсан.Тэр охинтой 2011 онд тэгэж учрахаасаа өмнө дандаа нэг талаас би л дурлаад байсан. Дандаа стрейт хүмүүс байсан учраас яаж ч бодсон нэг талын дурлал хүнд хэзээ ч 100 хувь аз жаргал өгөхгүй шүү дээ. Хайрлаж байгаа мэдрэмж байгаад байдаг эргүүлж авах мэдрэмж байхгүй учраас “би ингээд насаараа л хайрлаад ганцаараа дурлаад явах юм байна, би ямар нүгэл хийчихсэн юм бэ…” гээд л үйлийн үртэй холбож эхэлсэн. Би нүгэлийнхээ төлөөсийг төлж эмэгтэй хүмүүсийг хайрлаж амьдрах ёстой юм байна. “Би хэн бэ” гэж асуухдаа ч гэсэн намайг хайрлах хүн гарч ирэхгүй юм байна гэсэн том айдастай байдаг байсан. Одоо ч гэсэн байдаг. Яахав 2011 онд уулзсан тэр охиныг жишээ нь би 100 хувь хайрласан байлаа гэж бодьё. Тэр охины хувьд 30 хувь л байсан байх. Дараагийнх нь ч гэсэн хувь нь өндөр болсон гэж боддоггүй. Нэг л их хайрласан хүн яваад л байдаг. Эргүүлж авч байгаа хайр ерөөсөө байхгүй. Тэндээс ганцаардлыг мэдэрдэг л юм.

А:    Тэрнээс хойш дахиж сүм дээр очоогүй юу?

С:    Үгүй очоогүй. Уг нь итгэдэг байсан. Харин сүмээс гарах болсон хоёр шалтгаан байсан. Пасторын үзэл бодлоор олон хүн явж байсан. Библийг тэр хүн яаж харж байна баруун талаас нь харлаа гэхэд тэнд байгаа зуун хүн яг ижилхэн өнцгөөс хараад байгаа учраас сүмд очиж номлол сонсох хэрэгтэй юу гэж би бодсон.

А:    Тэгэхээр шашны итгэл үнэмшлээ алдсан нь хүнд асуудал байсан уу?

С:    Тийм.

А:    Тэрнээс хойш ЛГБТ хүрээлэл рүү хэзээ орж ирсэн бэ?

С:    2011 онд л орж ирсэн. Тэр охиноос болоод. Тэр охин 2009 онд ЛГБТ олон нийтэд орж ирсэн. Гурван экстэй байсан. Найз охинтой. Өөрийнхөө талаар надад ярьсан. Өөрийг нь нэг найз охиноос нь салгах болсон гуравдагч этгээдийн тухай надад ярьсан. Тэр 4 хүнтэй дөрвүүлэнтэй нь уулзаж байсан. Тэр охиноос болоод яг ямар эксүүдтэй байсан юм, ямар хүмүүстэй байсан нь сонин байсан. Яагаад надаас салах болсон юм. Нэг хүний талаар мэдэхийг маш их хүссэн болохоор л энэ дотор ороод ирсэн.

А:    Түүнээс өмнө ийм хүрээлэл байдаг гэж ерөөсөө мэдээгүй юу?

С:    Үгүй. Тэр үед ийм хүмүүс байдаг, гэхдээ ганц хоёр ч юм уу байгаад надтай таарах л байх. Гэхдээ яаж олж уулзана аа л гэж боддог байсан.

А:    Монголд байдаг гэдгийг хаанаас мэдсэн бэ? Эсвэл гадаадын мэдээлэл үү?

С:    Тэр охиноос хамгийн анх ЛГБТ төвийн пэйж хуудсыг мэдэж байсан.  Тэгээд бас маш олон хүнд хүрсэн, маш олон хүний нүдийг нээсэн Анараа ах, Отгоо ах хоёрын орсон Нандиагийн ток шоу байсан. Тэрийг би үзэж чадаагүй. Ээж тийм хачин хоёр хүн Монголд байдаг юм билээ гэж хэлэнгүүт нь би Youtube-ээс хайгаад гэртээ чихэвчтэй үзэж байсан. Үзээд л хаана байдаг юм бол гэж бодоод нөгөө охиноос асуусан чинь пэйж хуудсыг нь хэлж өгсөн. Тэнд ороод үзтэл хүмүүс yahoo хаягаа бичсэн байсан. Нэг охины хаяг руу ороод хаана байдаг вэ гэж асуугаад тэгээд ирж эхэлсэн. Жишээ нь би 2011 онд ирээд Манлайлалын хөтөлбөрт хамрагдаж байсан. Тэгсэн чинь саяхан бид нар кино хийх гээд явж байсан чинь тэр үед надтай хамт байсан нэг охиныг би бүр ерөөсөө санахгүй байгаа юм. Тэгсэн хэрнээ тэр Манлайлалын хөтөлбөрт бид хоёр зэрэгцээд суудаг байсан.

Олон нийт дунд ороод ирчихсэн байгаа хэрнээ эргэн тойрныхныгоо харж чадахгүй, хажууд ямар хүн байгааг нь ч харж чадахгүй санаа зовоод ичээд байсан учраас би бараг надтай хамт ирээд буцдаг байсан хүнийг хараад танихгүй байсан. Жишээ нь Анараа ах болоод бусад хүмүүс юу ярьж байгааг л сонсдог. Тэгж жаахан мэдээлэл олж авдаг. Яг олон нийт дунд орж ирэнгүүтээ хүн нээгддэггүй. Тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй байдаг юм болов уу.

А:    Тэгээд тэр хүрээлэл байгаа гэдгийг мэдээд чамд баярлах ч юмуу олуулаа юм байна ш үү дээ гэсэн мэдрэмж төрсөн үү?

С:    Гоё санагдаж байсан. Тэгэхдээ гоё гэдгээрээ юу гэх юм бэ дээ. Бид юугаараа адилхан бэ? Тэр үед жаахан буруу боддог байсан юм шиг байгаа юм. ЛГБТ хүн гэхээрээ бусад хүмүүсээс л өөр болчихдог. Би өөр амьдралаар амьдрах юм байна. Би жишээ нь өөр ЛГБТ хүн бусад хүмүүстэй адилхан бүх амьдралын орчин адил, хэнд татагдаж хэнийг хайрлаж байгаа вэ гэдэг нь л өөр гэдгийг ойлгодоггүй байсан. За ёстой орвонгоороо ингээд амьдрал эргэх нь дээ гэж бодсон.

Тэр үед кинонууд гардаг байсан. Ээж үзүүлэхгүй унт гэдэг байсан ч үздэг л байсан. Тэр нь тийм их нүд дараад байхаар биш л дээ. Хүний амьдрал гараад л. Хайртай татагддаг хүмүүсийн тухай гээд л. Тэр кинон дээр ч юмуу өө муу ижил хүйстнүүд гэсэн хараал аймаар их гардаг. Заза би ингэж байгаа юм чинь гээд сэтгэл санаагаар унаад би хэн бэ гэж асууж явж байгаад ЛГБТ хүмүүс хар тамхичин, биеэ үнэлэгч байдаг юм уу, яана аа, би сайн сурахгүй бол болохгүй юм байна шүү гэх мэтээр төөрөлдсөн. Киноноос авсан дүр, сүмээс авсан дүр тийм байсан ч олон нийт дотор оронгуут чи надтай юугаараа адилхан юм бэ гээд л гей залуу эсвэл лесбиян охинтой яриад суумаар санагддаг байсан. Яг л адилхан байхад яагаад би тэр үед бусдаас ялгаатай зүйл олж харах гэж хичээгээд байдаг байсан юм бол гэж одоо өөрийгөө гайхдаг шүү дээ.

А:    Та хэзээ анх стрейт найзууддаа ч юм уу ангийнхандаа ил гаргасан бэ?

С:    Саяхан даа. 2013 онд. 10 жилдээ бид нар 5-уулаа нийлдэг байсан. Нэг охинд нь би их сайн байсан. Найзын хайр л гэж боддог байсан боловч томроод хандаж байсан хандлагаа харсан чинь биш ээ, нэг л найзын хандлага биш болж хувирч байгаа байхгүй юу. Тэр охинд анх хэлж байсан. Илүү амар ойлгог гэж бодсоны үндсэн дээрээс “Ж”-тай хамт оюутан байхдаа хоолонд орсон санагдаж байна. “Би чамд нэг юм хэлэх үү? Би эрэгтэй хүнд дуртай биш. Эмэгтэй хүнд хайртай” гэхэд “Чи угаасаа багаасаа л тийм байсан шүү дээ” гэсэн. “Үгүй э, үгүй, үгүй би бүр яг хэлээд байна шүү дээ. Зөвхөн л эмэгтэй хүнийг хайрлаад эмэгтэй хүнтэй цаашдаа гэр бүл болоод амьдарна аа гэж  хэлээд байна л даа”  гэсэн чинь “Чи нөгөө юу юм уу тэ…” гээд бараг л сөргөөр ойлгож эхэлсэн. “Үгүй ээ, миний дотоод мэдрэмж л ийм байдаг. Тавуулаа нийлдэг байсан ч гэсэн би чамд илүү сайн байсан. Би чамд ерөөсөө их хайртай байсан шүү” гэх мэтээр хэлсэн чинь “Ммм, за за.” гэж хүлээж авсан. Гэхдээ надаас бүрэн холбоогоо тасалсан. Тэр таван найзтайгаа одоо ерөөсөө найзууд биш. Уулзаж ярилцахыг хүсдэг. Фэйсбүүк-ээр хараад байхад тэр дөрөв л илүү дотно. Сая тэр охин хүүхэд төрүүлсэн. Дөрвөн найз минь дөрөвүүлээ гэр бүл хүүхэдтэй. Тэгээд л уулзахаараа нөгөө нөхрүүдтэйгээ, хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ уулздаг юм шиг байгаа юм. Ингээд шууд хасагдчихсан.

А:    Одоо ер нь гэр бүлийнхэндээ гарчихсан уу?

С:    Гэр бүлийнхэндээ их хугацаа зарцуулсан гэж боддог. 2011 оноос хойш ЛГБТ төвд явж байсан боловч өөрийнхөө тухай ярьж эхлээгүй. Дандаа бусад ЛГБТ хүмүүсийн тухай яриад. Эсвэл зарим дуучдын тухай яриад. Дуучдын тухай ярьж байгаад сүүлдээ гэр бүлийнхэндээ илүү мэдээлэл өгөөд. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн чиг баримжааг илүү ялгаж өгөөд. Ээж гадарладаг байсан байж магадгүй. Би дурлахаараа бүр тэр хүнийхээ тухай л ярьдаг. Байнга инээгээд л, байж байгаа байдал өөр болчихдог. 2011 онд тэр охинтой уулзахаар Замын-Үүд явахад ээж бүх юмыг бэлдэж өгч байсан. Дандаа маш олон эмэгтэй найзуудтай байсан тухайгаа ярьдаг байсан болохоор гадарладаг байсан юм шиг санагддаг. Гэхдээ шууд хэлвэл их эсэргүүцэлтэй тулгарах юм шиг санагдсан. Зүгээр өнгөцхөн яриад мэдээлэл өгөөд байхад гайгүй. Сүүлд би нэг охинд сайн болоод, нөгөө охин маань найз охинтой болоод, харилцаа үүсгэсэн байсан. Уурлаад ч юм уу, гомдоод ч юм уу мэдэхгүй ээ яагаад надад хэлээгүй юм бол ч гээд юм уу. Надад хэлэх алба байгаагүй л дээ. Гэхдээ л надад ёстой эмзэг туссан. Тэр найзтайгаа орой утсаар ярьж байгаад гэртээ номоо уншиж чадахгүй байхад ээж “За яасан миний охин юунд ингэдэг юм, охидууд ямар мундсан биш” гэхэд би бүр үнэхээр гайхаж байсан. “Тийм ээ, тийм” л гээд өөр юу ч яриагүй. Сая Авьяаслаг Монголчууд гараад “Энэ ёстой хөөрхөн охин байна тэ, ээж?” гэхэд ээж “Харин тийм, ёстой хөөрхөн охин байна.” гэсэн. Манай эгч хажуунаас “Чи одоо хаашаа юм эмэгтэй хүмүүст хайртай юм уу?” гэж хэлэхэд би “Тийм шүү дээ, тийм ээ?” гэхэд ээж “Тийм” гэж хариулсан. Гэхдээ хугацаа их ордог санагдсан. Манай ээж манай найзыг лесби байна гэж сонслоо гэхэд би гэвэл өөр дээр нь очоод хатгаж байгаа юм шиг санагдах байх. Хүний хүүхэд гэвэл за тэгээд ээж аав нь болох байх гэдэг хэрнээ өөр дээр нь тулахаар жаахан хатуу юм шиг санагддаг. Гэхдээ гэр бүлийнхэндээ бол ил гарчихсан. Ойр дотнын удаан жил найзалсан найзууд бол ойлгомжтой. Нээлттэй байдаг. Шинэ найзууддаа бүр нээлттэй байдаг. Анхнаасаа хэлээд л ойлгомжтой байдаг. Шууд хэлэхгүй л дээ. Ажлаа танилцуулангуут эхний бодол төрнө. Юм ярьж байнгуут хоёр дахь бодол төрнө. Тэгээд кафед сууж байгаад тэр ёстой хөөрхөн охин байна шүү гээд л аваад хаячингуут тэгээд баталгаажаад явчихдаг ч юм уу. Би хүмүүст шууд бусаар өөрийгөө илэрхийлдэг юм шиг санагдсан.

А:    Ах эгчтэй юу?

С:    Эгчтэй, эрэгтэй дүүтэй. Эгч заримдаа эвгүй хандлага гаргачихаад л байдаг. Зурагтаар ЛГБТ хүмүүсийн тухай ярьж байтал эсвэл нэг дуучин гарч байтал энэ одоо гомо юм уу гээд над руу хардаг ч юм уу. Эгч хааяа эвгүй болдог ч гэсэн “Засс” гэж би боддог.

А:    Гэхдээ тэд нарт ил гарах шаардлагатай гэж бодож байгаа юу?

С:    Угаасаа албан ёсоор өөрийгөө илэрхийлнэ, эсвэл тойруу байдлаар илэрхийлэх хоёр ялгаатай. Эргэлзээтэй ч юм уу тодорхой бус асуудал хоёр үзүүртэй байгаад байдаг. Нэг болгоод ойлголт өгнө гэдэг өөр.

А:    ЛГБТ төвд ажилласнаас хойш ЛГБТ хүмүүсийн талаарх бодол ч юмуу туршлага чинь хэр өөрчлөгдөж байна? Ер нь ямар байна?

С:    Ажлаа авснаас хойш би их гадна байж дээ гэж бодсон. Гадаа л яваад байж дээ гэж. Бусад ЛГБТ залуус ч гэсэн гадаа л байгаа л даа. Миний хувьд юу өөрчлөгдсөн бэ гэхээр 1-рт ЛГБТ залуус байх орчин хумигдмал байгааг мэдэж авсан. Бас хайр сэтгэлийн асуудал хүнд байгаа. Гэхдээ эрүүл мэнд сэтгэлзүйн асуудлаас шалтгаалж байгаа сөрөг нөлөөнүүд байна. Жишээ нь би ЛГБТ, гей лэсбиян залуусыг нилээн уудаг гэж боддог. Би партин дээр жаахан уучихаад зүгээр л бүжиглэж байгаад харья гэж боддог. Тэгээд аймаар ууж байгааг нь зүгээр л уух дуртай гэж боддог байсан. Харин доторх сэтгэлзүйн асуудлаасаа болоод тайвшрахын тулд уугаад байгааг нь би ойлгодоггүй байсан юм байна гэж бодсон. Тэгэхээр учир шалтгааныг олж харж байгаа гэсэн үг л дээ. “Аан яасан их уудаг залуу вэ” гэж бодохоос юунаас болоод уугаад байгааг нь мэддэггүй байсан. 3, 4-үүлээ сууж байтал нэг нь уугаад байхад үнэхээр уух дуртайн л гэж бодоод байдаг.

А:    Цаашдаа ЛГБТ хүрээлэл чиний төлөө юу хийгээсэй гэж хүсэж байна?

С:    Юу хийхийг хүсдэг вэ гэхээр илүү тайван амьдрал байгаа л даа. Өөрийгөө илэрхийлээгүй байхад нь, нууц үед нь ажлын байр, сургууль, гэр бүлдээ нууц байхад аюулгүй орчин байгаад байдаг. Ажлын байран дээр өөрийгөө илэрхийллээ гэхэд аюулгүй байх нөхцлийг нь бүрдүүлмээр байна. Хүмүүсийн сэтгэлзүйд байгаа сөрөг бодлууд бага багаар өөрчилөгдөнө. Миний нас хүрэхгүй байх гэж айдаг. Хүний сөрөг бодлыг өөрчилнө гэдэг их хугацаа орно.

ЛГБТ залууст нэг асуудал байдаг. Би энгийн биш гээд бодчихсон. Яагаад энгийн биш юм бэ? Яг л миний бодож байснаар бүх юм нь өөр биш, хэнийг хайрлаж байгаа нь өөр. Нэгдүгээрт ЛГБТ залууст өөрсдөд нь ойлгуулах, хоёрдугаарт нийгэмд ойлгуулах нь. Хэнийг хайрлах, хэнд дурлах бас өөрийгөө мэдэрч байгаагаа илэрхийлж байгаа байдал л өөр болохоос амьдралын бүх процесс адилхан гэдгийг ойлгуулах нь.

Түүнээс гадна ЛГБТ залуус оролцоо муутай байдаг. Партинд бол оролцдог л доо. Би сая хэдэн нилээд ойр дотно лесбиян охидтой уугаад суулаа. Төвтэй Анараа ах бид хэдтэй ойр. Ханзод ажилладаг хүүхдүүд ЛГБТ төв ямар ажил хийдэг юм бэ гэж асуусан. Тэгээд ЛГБТ төвөөс зохион байгуулж байгаа уулзалтуудыг яаж мэдэх вэ, лесбиян охидын төлөө юу хийдгийг асуусан. Би хөтөлбөрүүдээ тайлбарлаж өгөөд, сүүлийн үеийн уулзалтуудыг тайлбарлаж өгсөн.  “Аан” гээд л өнгөрч байсан. Хангалтгүй байгаа юм болов уу? Оролцож болох нөхцлийг нь хангаж өгч чадахгүй байгаа юм болов уу? Юун уух байтугай юм бодогдоод. Нөгөө хэд тэгж асуучихаад нөгөөх дээрээ жин өгөхгүй гээд өөр юм яриад явчихсан. Би нөгөө асуудал дээрээ үлдчихсэн. “Яаж мэдээлэл өгөх вэ, яах вэ…” гээд эд нар чинь уг нь ойрхон байдаг хүүхдүүд гээд л шаналаад эхэлж байгаа юм. Тэгэхээр хүмүүсийн мэдээлэл авах байдлыг бас харах хэрэгтэй юм билээ.

А:    Тийм байна. Ганцхан фэйсбүүк-ээр биш тэ?

С:    Тийм. 1-рт би уух дургүй, ууж чаддаггүй гээд ЛГБТ залуусын дунд оролгүй, партинд оролцохгүй яваад байхаар нөгөө нэг уухгүй бол найзгүй болно гэдэг шиг юм болсон. Тэгээд хангалттай биш байна гэж өөртөө аймаар зэмлэл аваад Ханзогоос гарсан.

А:    ЛГБТ хүмүүст тулгарч байгаа хамгийн том бэрхшээл эсвэл дарамт юу байна гэж боддог вэ?

С:    Бэрхшээл дарамт гэвэл эмэгтэйлэг байдал, эрэгтэйлэг байдал гэдгийг Монголчууд загвар болгоод толгойндоо хийчихсэн. Эмэгтэйлэг гэхээр урт үстэй гунхсан алхаатай, эрэгтэйлэг гэхээр жижигхэн үстэй эршүүд алхаатай гүндүүгүй гэсэн дүр зургийг аваад үлдчихсэн. Тэр ЛГБТ залуусын маань өөрийгөө авч явж байгаа гадаад байдал, харагдах байдалд өнгөцхөн дүгнэлт өгч хүчирхийлэлд өртөөд байгаа асуудал байдаг. Манай төв дээр сая нэг залуу ирсэн. Эмэгтэйлэг хувцаслахыг хүсдэг. Эмэгтэй хүнд хайртай. Өөрийгөө эрэгтэй гэж мэдэрдэг. Гэтэл өөрт нь гадаад хувцаснаас болоод дарамт, доромж халдлага ирдэг. Намайг ч гэсэндээ би эрэгтэйлэг алхаатай, одоо үсээ жижигхэн болгочихсон юм чинь өдөрт нэг удаа “Хөөе чи эр үү? эм үү?” гэж хойноос орилох байдал, гадаад үзэмжээр үнэлэх байдал гэх мэт их сөрөг зүйлүүдийг өгөөд байдаг. ЛГБТ хүмүүст ч тэр, бас нийт хүмүүст ч бас л тийм байдаг. Жишээ нь жудо барилддаг охид ч юм уу эсвэл стрейт хэрнээ эмэгтэйлэг алхаатай залуучууд байдаг шүү дээ. Хүнийг эрэгтэй хүн ийм, эмэгтэй хүн ийм, эрэгтэй хүн цэнхэр хувцастай, эмэгтэй хүн ягаан хувцастай байх ёстой гэсэн үзлээс болж ирж байгаа хүчирхийллүүд их буруу санагддаг. Эсвэл нийгмээс өгч байгаа дүрд хангалттай тоглож чадахгүй байгаа юм болов уу гэж боддог. Дүрдээ хангалттай тоглож чадахгүй богинохон үстэй эмэгтэй болчихвол дүрээ алдчихаж байна гэсэн шиг.

ЛГБТ залууст тулаад ирэхэд нийгмээс ирж байгаа ялгаварлалт байгаад байдаг. Мэдээллийн буруу ойлголт байнга л нөлөөлнө. Хэвшмэл ойлголт намайг галзуурах дөхдөг. Бид нар боловсролын салбарт хамгийн байгаад байгаа гэж боддог. Яах юм бэ хүүхдүүд маань бүгдээрээ л ЕБС-д байна, залуус ихэвчлэн оюутны ширээнд сууж байна. Гэтэл хүүхэд байхад нь бэлгийн боловсрол байхгүй, бэлгийн боловсролыг заавал секстэй холбож ойлгодог. Тэгэнгүүтээ хүүхдэд өгөх ёсгүй мэдээлэл гэж ойлгодог. Жишээлбэл ээж аавынх нь яриа бол эрэгтэй бол эрэгтэйлэг, эмэгтэй бол эмэгтэйлэг бай. Жишээ нь эрэгтэй бол сахилгаггүй дэггүй байвал хөөрхөн байдаг. Эмэгтэй хүүхэд бол аяга шанагаа ч болтугай угаагаад сурчих хэрэгтэй байдаг. Ээж аав нийгмээс өгч байгаа буруу мэдээлэл хүнийг өөртэйгээ зөрчилдөхөд нь аймаар нөлөөлдөг. Тэр нь суучихсан, тархи өөрийгөө жинхнээсээ мэдрээд ирэхээрээ зөрчилддөг асуудал бүр солиоруулдаг байх.

А:    Лесбиян хүний хувьд өөрийнхөө байр суурийг хаана байна гэж бодож байна? Өөрийгөө бол нилээд олчихсон тийм үү?

С:    Миний хувьд нийгмийн байр суурь гэх үү, өөрийгөө олсон байр суурь гэх үү? Нийгмийн байр суурь гэхэд гудамжинд явж байхад “эр үү? эм үү?” гэхэд би хүн гэж хариулж чадна. “Чи хаашаа юм гомо юм уу” гээд над руу ориллоо гээд бодьё. “За уучлаарай наадхыг чинь гомо гэж хэлдэггүй юм. Би лесбиян эмэгтэй” гээд хэлж чадна. Тэгж хэллээ гэхэд ямар ч хариу үйлдэл ирж магадгүй. Тэр үед би хуулийн ямар арга хэмжээ авахаа мэднэ. Хаана хандахаа мэднэ. Өөрийгөө эрсдлээс хамгаалахаа мэднэ. Тэрний дараах арга хэмжээгээ яаж авахаа мэднэ. Бэлгийн чиг баримжаа, лесбиян гэдгээс эсвэл ЛГБТ хүмүүсийн төлөө ажиллаж байгаагаас болоод ч юм уу сая парадын үеэр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэгэхэд маш олон “ална шүү, шатаана” гэсэн юм ирсэн. Тэрнээс ерөөсөө айгаагүй. Би харанхуйгаас л айдаг. Харанхуй бол хувь хүний жижиг айдас. Бэлгийн чиг баримжаа, ЛГБТ хүмүүсийн сайн сайхны ирээдүйн төлөө ажиллаж байгаагийнхаа төлөө бол би айхгүй ээ.

А:    Ирээдүйд ер нь хаана юу хийхээр төлөвлөж байна? 10 жилийн дараа Монголд байх уу?

С:    Би Монголдоо байна. ЛГБТ төвдөө сурах юм их байгаа. Энэ чиглэлээр 10-д жил ажилласан хүнд сурах юм их байхад надад сурах юм байлгүй яахав. Мэдээж бэлгийн чиг баримжаа илэрхийллийн талаар суралцана. Дээрээс нь хэлний мэдлэг сайжруулах хэрэгтэй байгаа.  Өөрийнхөө чадахгүй байгаа мэдэхгүй байгаа зүйлүүдийг сурна. Тэрийгээ яаж бас бусдад хүргэх вэ нийгэмд дутагдаад байгаа зөв мэдээллийг яаж хүргэх вэ гэдэг талаар ажиллана. Монголд амьдарч байж л Монголыг өөрчилнө. Гадаадад амьдраад Монголыг өөрчилнө гэж байхгүй. Хөдөө орон нутагт байгаа залууст мэдээллийг илүү хүргэх юмсан гэж боддог. Хөдөөний айлд төрж байгаа гей залуу өөрийгөө яаж мэдрэх вэ? Тэр ямар их ганцаардаж байгаа бол гэж байнга боддог. Хөдөөний сумын  эсвэл аймгийн дотуур байранд байгаа лесбиян, эсвэл транс хүүхэд өөрийгөө яаж мэдэрч байгаа вэ гэж бодохоор хурдхан хөдөө хүрч ажиллах төсөв, бололцоо, хөтөлбөртэй болчих юмсан гэж боддог. Монголын өнцөг булан бүрт ЛГБТ хүмүүсийн тухай зөв мэдээллийг хүргэхийн төлөө ажиллана. Хаана ч очсон зөв мэдээлэлтэй байгаасай гэж хүсэж байна. Биеэ мянга хуваахгүй л дээ. Гэхдээ олон залуусыг уриалаад, дэмжих залуус олонтой байх тусмаа амар байгаасай л гэж боддог. Нийгмийн 10-аад хувь л гэж тооцдог шүү дээ. 10 хувь ч гэсэн ЛГБТ залуус олон нийтийн ажиллагаанд ил орж ирэх боломж бага учраас дэмжих стрейт залуусыг илүү хөгжүүлээд чадавхжуулаад тэд нартай илүү хамт хөдлөөсэй. Би лесбиян охидыг идэвхитэй байгаасай гэж хүсдэг. Яагаад гэвэл олуулаа үг хэлж байхад цохиж зодох хэцүү шүү дээ. 10-уулаа дуугарч байхад энэ хүмүүс зөв юм хэлж байгаа ч юм бил үү гэж бодно. 20,30,40үүлээ байгаасай. Лесбиян охидын нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэхийг хүсдэг. Анараа ах маань 2000 оны эхээр Монлеснэт төвийг байгуулсан. Үйл ажиллагаа нь зогсчихсон. Би хэрвээ хангалттай чадвартай мэдлэгтэй болох үед намайг тэр төвийг цаашид авч явахыг зөвшөөрөх юм бол би лесбиян охид эмэгтэйчүүд хижээл насны лесбиян эмэгтэйчүүдэд орон зай гаргаж өгөхийг хүсдэг.

А:    Та төрийн талаар, хуулийн талаар хэр их өөрчлөлт гарах бол гэж бодож байна?

С:    Оюунгэрэл гишүүн дэмжиж байгаа. Парадын үеэр Оюунгэрэл гишүүн рүү хүмүүс дайрсан байсан. Төр засгийн хувьд аваад үзэхээр Монголчуудад нэг ийм юм байдаг. Хуулийн хэмжээнд 5, 10 жил зүтгэж байгаад, бусад орнуудаас зөвлөмж авч байгаад хуулиа оруулчихлаа. Тамхины хууль гээд том хууль гарсан шүү дээ. Хэр хэрэгжлээ? Монголчууд маань ам дамжсан хууль гэх юмуу төр засаг гэхээсээ илүү хажуугийнхаа хүнд итгэдэг. Хажуу хашааныхаа хүнд ч гэх юм уу. Найздаа, хамт ажилладаг хүндээ. Төр засгаас хууль гарах л байх. Гэхдээ би монголчуудын аман хуулинд итгэдэг болохоор зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байх гэж хардаг юм. ЛГБТ нь төрөлхийн юмаа гээд аман хууль болтол нь ярьдаг. Нэг найзтайгаа ярьж байтал “Энэ бол заваан ижил хүйстэн” гэх мэт ярихад нь “Үгүй ээ, үгүй найз аа, наадах чинь төрөлхийн байхгүй юу ойлгох хэрэгтэй, өөрийгөө илэрхийлж чадаагүйн улмаас ийм ийм сөрөг үр дагавар гардаг учраас чи ч гэсэн ойлгох хэрэгтэй” гээд нэг ч хүн найздаа ярьдаг болтугай. Төр засаг мянга өөрчлөгдлөө гээд хавтаслаад тавьчих байхгүй юу. Саяхан сурагчдын холбооны дүрмэнд оруулах гээд байгаа юм. Бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхах гэх мэт. Тэгээд сурагчдын холбооны сайт руу нь мэдээлэл авах гээд ортол сурагчийн ёс зүйн дүрэм ч байдаггүй. Тэгээд фэйсбүүк рүү нь орлоо, утсаар залгаад “танай дүрмийг үзэх гэсэн юм.” “Хаанаас ярьж байгаа юм” гэнэ. “Байгууллагаас ярьж байгаа бол албан бичиг авч ир, хувь хүн бол ирээд уншиж болно” гэсэн. Хавтсан дотор л байгаад байх шиг байгаа юм. Хууль батлагдлаа гээд ийм байгаад яахав дээ. Бэлгийн чиг баримжаагаар үл ялгаварлана гээд хууль гарчихлаа гээд бодоход хүн болгон албан бичиг бариад үзэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр яах вэ л гэдэг байна. Тэгэхээр хувь хүн болгоны ухамсарт юм хийсэн нь дээр гэж бодож байна. Тэр нь арай хурдан. Эсвэл хууль батлагдтал хэдэн жил болно гэхэд хүмүүсийн ухамсар өөрчлөгдчихсөн байвал болох байх гэж боддог юм.

А:    Цаг гаргаж сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.


Ярилцлага авагч: С. Батчимэг, Л. Жое

Редактор: Л. Жое

ЛГБТ төвийн залуу манлайлагч хөтөлбөрт болон манай төсөлийн ярилцлагуудын аудио бичлэгийг шивсэн сайн дурын ажилтнуудад нь талархлаа илэрхийлье.

About ЛГБТ Аман түүх

"Монголын ЛГБТ Аман түүхийн төсөл” нь Монголын ЛГБТ нийгмийн бүлэгт хамрагдах хүмүүсийг хооронд нь хувь хүний түүх ба туршлагаар холбох зорилготой юм. Бид төслийнхөө хүрээнд Монголын үе үеийн ЛГБТ хүмүүсийн хувийн аман түүхийн мэдээллийн санг интернетэд бий болгож улмаар - ЛГБТ хүмүүсийг хооронд нь холбох - ЛГБТ мөртлөө бүлгийн хүрээнд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүсийг холбох - Нийгэмд ЛГБТ хүмүүсийн тухай түүхийг нээлттэй болгож улмаар ЛГБТ хүмүүсийн талаар обьекьтив үзэл ойлголттой болох боломжийг өөрсдөд нь үлдээх юм.
This entry was posted in Монгол хэл, Uncategorized and tagged , , , , , , , , , . Bookmark the permalink.

Leave a comment